top of page

Төрсөний дараа бие, сэтгэлд гарах өөрчлөлтийг даван туулах

Updated: Apr 25, 2021

Эмэгтэйчүүд төрсөний дараа бие, сэтгэлд гарах өөрчлөлтийн улмаас их, бага хэмжээгээр сэтгэл гутралд өртдөг. Нярай хүүхдийг арчлах зөвлөгөө их ч энэ талаарх зөвлөгөө, үйлчилгээ дутмаг. Мэдээж гэр бүлийн орчин зэрэг олон гадаад хүчин зүйл хамаатай ч өөрөөс шалтгаалан хийх зүйлсийн талаар өөрийн туршлагаас хуваалцъя.


Биед гарах түгээмэл өөрчлөлт нь жин нэмэх, инээж, найтаахад шээс дусагнах, үтрээ хуурайших, цагаан мах эргэх явдал юм. Төрсөний дараа жин нэмдэг ч яваандаа турах нь ойлгомжтой тул жиндээ байнга анхаарал хандуулж, стресстэхгүй байх нь чухал. Нойрны дутагдлаа идэх юмаар нөхөхийг оролдохгүй байх, чихэрлэг, гурилан зүйл идэхийг багасгах, оройтож хоол идэхээс аль болох зайлсхийнэ. Хоолны дэглэм зохимжгүй тул эхний ээлжинд жин нэмэхгүй байхад анхаарсан. Хүүхдээ бор хоолонд орсоны дараа иог хийдэг болж, улмаар гүйж эхэлсэн. Гэрийнхээ ойролцоох өглөөний иогт явдаг байснаа хөл хорионы улмаас интернэтээс дасгал харж хийх болсон. Хүүхдийнхээ хоолыг хөргөх хооронд өдөрт хоёр удаа 30, 30 минут хөдөлгөөн хийх зуршил дадуулсанаар аажмаар жин хасч эхэлсэн. Эмэгтэйчүүдийн зовиурын хувьд нөхөн сэргээх эмчилгээ, кегель дасгалын тусламжтай бууруулах боломжтой. Мэргэжлийн эмнэлэгт оношилгоо, эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй. Кегель дасгал тустайг бүгд мэддэг боловч тогтмол, зөв хийдэг хүн ховор тул эхлээд сургалтад хамрагдвал зүйтэй санагдсан.


Төрсөний дараа янз бүрийн зүйл ургуулан бодох, өөртөө итгэлгүй болох, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг өөрчлөлт гардаг. Ном унших, ваннд суух, дуу, хөгжим сонсох, кино, үзвэр үзэх, найзуудтайгаа холбогдох, гэр бүлээсээ тусламж авах, өмнө хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулах, тухайлбал англи хэлээ сайжруулах зэргээр завгүй байж, сэтгэл санаагаа дэмжих боломжтой. Харин хүүхдээ бусад хүүхэдтэй харьцуулах, цаг нь болоогүй байхад суулгаж, алхуулж сургахаар хүчээ барах, сошиал дээрх сөрөг мэдээллийг унших, хүүхдийг эхнэр, нөхрийн харилцаанаас хэт дээгүүр тавих зэрэг нь өөрийгөө бухимдуулахаас цаашгүй. Гүйхдээ подкаст сонсч, хүүхдээ салхилуулахдаа ном уншиж болно. Гэртээ хүүхдээ харах үеийг давхар өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашиглах нь чухал. Интернэт нь маш их мэдээллээр бөмбөгдөхийн хамт асар их боломжийг олгож байдаг. Өөрийгөө завгүй байлгаж, дуртай зүйлээ хийгээд ирэхээр сэтгэл санаагаар унах цаг гарахгүй болно.


Дээрх энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлэхгүй байх шалтаг мунддаггүй. Фэйсбүүкт иогийн үнэгүй хичээл захаасаа аваад бий. Иог хийж чадахгүй бол сунаж мөргөж болно. Дасгал хийх цаг олдохгүй бол өглөө эрт, эсвэл хүүхдээ унтсаны дараа хийж болно. Ном авах боломжгүй бол уншсан номоо өгөөд, хүргэлтийн мөнгө төлөөд, өөр ном авч унших үйлчилгээ бий. Гол нь боломжтой зүйлийг маргааш гэж битгий хойшлуулаарай. Төгс ээж гэж байхгүй. Та л өөртөө цаг гаргаж чадна. Амжилт хүсье.





97 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page