top of page

Хүүхдийг өөрөөр нь унтуулж сургах

Updated: Apr 29, 2021

Маш олон ээж бяцхан үрсээ хэрхэн өөрөөр нь унтуулж сургах вэ гэж асуудаг. Энэ талаар цэгцтэй мэдээлэл, ном товхимол ховор. Хүүхдийн тусдаа өрөөтэй байдаг тул гадаадын зөвлөгөөг шууд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Монголд хүүхдийг унтуулж сургах мэргэжилтэн, зөвлөдөг өрхийн эмч байхгүй. Бүтэн шөнө нойргүй хөхүүлж өсгөсөн ээжийн тухай дуу, шүлэг олон. Үнэхээр тийм байх ёстой юу гэвэл үгүй.


Хүүхдээ унтуулж сургасан туршлагаасаа хуваалцъя. Юуны өмнө, хүү маань төрсөнөөсөө хойш тусдаа оронд унтдаг, тогтмол цагт хооллож, унтахад нь орчин бүрдүүлэх зэрэг өдрийн дэглэмд сургасан байсныг дурдах нь зүйтэй. Уйлуулахгүйгээр аажмаар өөрөөр нь унтуулж сургах санаатай байсан боловч томрох тусам өдөр, шөнө ялгаагүй 30 минут, цаг болоод сэрэх нь олширсон. Ингээд 8 сар хүрэхэд нь доорх аргыг хэрэгжүүлсэнээр орой 7 цагаас өглөө 6 цаг хүртэл сэрэхгүй унтдаг болсон. Ханиад шуухинаа, вакцины халууралт, өсөлтийн тодорхой үед нойр алдагдах зэргийн улмаас үүнээс эрт хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй байлаа.


Унтуулж сургах олон арга байдгаас өөрийн гэсэн аргыг гаргаж авсан гэхэд болно. Хүүхдээ унтах цаг болоход нь оронд нь тавиад, сандал дээр хажууд нь суун, нурууг нь илэх зэргээр тайвшруулахыг оролдсон. Дуу хоолойгоор тайвшруулахад уйлж байгаа хүүхэд сонсдоггүй юм байна лээ. Яваандаа сандлаа холдуулаад зүгээр л унттал нь дэргэд нь байсан. Ямар ч тохиолдолд тэвэрч авахгүй, шөнө хөхүүлэхгүй, живх солихгүй. Уйлаад ч ээж намайг авахгүй гэдэгтэй хүүхэд эвлэрдэг юм байна лээ. Ингээд 3 долоо хоног орчмын дараа үр дүнгээ өгч, унтахдаа уйлахгүй, шөнө сэрэхгүй унтдаг болсон. Ийнхүү хугацаа орсон шалтгаан нь дараах зүйлстэй холбоотой гэж дүгнэсэн. 1-рт, анх тайвшруулах гэж соска өгдөг, шөнө сэрэхэд нь авдаг байснаа больсон. 2-рт, эхэн үед өдөр унтахад нь уйлуулахгүйн тулд түрэх, тэврэх зэрэг аргаа хэрэглэсэн. 3-рт, хүүхдийн биед хүрэх нь тайвшруулах биш, харин тэврээд авах болов уу гэсэн горьдлого төрүүлдэг санагдсан. Эцэст нь тодорхой нэг арга дагнаж хэрэгжүүлээгүй, хэд хэдэн арга туршиж байснаас болсон болов уу.


Хэсэг хугацаанд тэвчсэний эцэст гайхалтай үр дүнд хүрсэн. Унтахын өмнө уйлагнах, сэрэх бүртээ тэврүүлэхээр уйлахаа больсон. Мөн өдрийн унтлагаар сэрэхгүй унтдаг болсон. Арайхийж унтсан хүүхдээ сэрээхгүй гэж өлмий дээрээ явдаг үе ард хоцорсон. Ээж нойр бүтэн бол гэр бүл аз жаргалтай. Ээж дуртай ажлаа амжуулах, гадагш гарах, бусад хүүхэддээ цаг гаргах боломжтой болно. Аав хүртэл бүтэн нойртой унтана гээд бод доо. Байнга нойр дутуу, унтахыг хүсч байгаа ээж хүүхэддээ чанартай цаг зарцуулж чадах нь юу л бол. Шөнө олон сэрж ядарсан ээж хүүхэддээ муухай аашлах, нойрондоо хүүхдээ унагаах ч эрсдэлтэй билээ. Төрсөний дараах сэтгэл гутрал дээр нойр дутагдал нэрмээс болдог нь нууц биш.


Анхааруулах зүйлс: 1-рт, сэтгэл санааны бэлтгэл чухал. Хүүхдээ олон хоног уйлахыг тэвчиж чадах уу? Нэг удаа хүү маань хэт их уйлсанаас бөөлжсөн. 2-рт, аав, эмээ, өвөөгийн эсэргүүцэл. Ээж, хүүхэд аль алинд тустайг учирлаж ойлгуулах, байхгүйд нь хэрэгжүүлэх, эсвэл шөнө туслуулж байх. 3-рт, хүүхэд өвчин зовиургүй, жингийн дутагдалгүй байх. 4-рт, өдрийн дэглэм хэвшүүлсэн байх. Тухайлбал, хүү мааань унтахын өмнө ая сонсдог, энэ нь унтах цаг болсоныг сануулдаг. 5-рт, хүүхдийн ор аюулгүй байх. Манеж ор бол цаг тухайд нь орыг доошлуулж, унах аюулаас хамгаалдаг. Эцэст нь, тууштай, тайван байх нь чухал.


Заавал уйлуулж байж унтуулж сургах уу? Мэдээж үгүй. “Франц хүмүүжлийн нууц” номд дурдсанаар хүүхдээ төрсөнөөс хойш уйлах бүрт нь шүүрч авалгүй, тодорхой хугацаанд ажиглаж байвал хүүхэд аяндаа сэрэхгүй унтаж сурдаг байна. Тэгэхээр ээжүүд хүүхэд өөрөө эргээд унтаж сурахад нь туслахын оронд сэрэнгүүт нь хөхүүлж, бүүвэйлж муу зан сургачихаад, дараа нь манай хүүхэд унтдаггүй гэж гомдоллодог байх нь. Мөн франц хүүхдүүд дуулгавартай, хүмүүжилтэй байдгийн нэг нууц нь ийнхүү багаасаа хүлээж сурсан явдал гэсэн санаа дэвшүүлсэн байсан. Энэ номыг эрт уншсан бол гэж бодогдсон шүү.


Ер нь унтлагын арга 6 сар хүртэл илүү үр дүнтэй, бага сартай бол зөөлөн буюу уйлуулахгүй аргаас эхлэн хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Унтуулж сургахыг хооллох цагийн хуваарьтай шууд холбож тайлбарладаг. Тэгэхээр шөнө сэрэхгүй унтуулахын тулд шөнө хооллохгүй байх нь. Мөн хүүхдийг харанхуй өрөөнд ганцааранг нь уйлуулж орхих нь сөрөг нөлөөтэй гэсэн шүүмжлэл байдаг. Манай хүүгийн хувьд унттал нь хэн нэгэн өрөөнд хамт байдаг.


Дүгнээд үзвэл хүүхдийг 6 сар хүрсэн хойно ч унтуулж сургаж болно. Хэрвээ уйлуулж унтуулж сургавал сургаагүй тохиолдолд гарах бүх нулимснаас бага нулимсаар хэрэгжинэ. Ач холбогдол нь тоймгүй их. Хүүхдийнхээ онцлогт тохируулж ээж аргаа боловсруулах нь үр дүнтэй. Манай улсад цаашид хүүхдийн нойрны асуудлаар жирэмсэн ээжүүдэд сургалт хийдэг болно гэж найдаж байна. Хүүхдээ төрөхөөс өмнө, завтай байгаа дээрээ зөвхөн Монгол төдийгүй гадаад хэл дээрх, эсвэл орчуулгын холбогдох ном уншиж судлахыг зөвлөе. Улам олон ээж, хүүхэд бүтэн нойртой хонож, олон гэр бүл жаргалтай байх болтугай.




1,126 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page