Өсвөр насны хүүхдийг суралцахад нь дэмжих
Хичээл хийвэл цаг завтай болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, ангидаа сайн анхаарвал хичээлээ илүү сайн ойлгож, орой даалгавар хийхэд бага цаг зарцуулна. Сурсанаар зөв шийдвэр гаргах чадвартай болж, бие даахад тусална гэдгийг ойлгуулаарай. Жишээ нь, тоонд сайн бол цахилгаан бараа авахдаа наймаалцаж чадна. Түүнчлэн хүүхэд томрох тусам хүндлүүлэхийг хүсдэг тул авсан дүнгээс нь үл хамааран хүндэтгэлтэй хандах чухал.
1. Хүүхдээ дүн буюу гүйцэтгэлээс илүүтэй сурахад нь сэдэл өгөх. Сурах үйл явц хичээл зүтгэл, хөдөлмөрөөс хамаардаг бол гүйцэтгэл бусдаас хамаардаг.
2. Хахууль, шийтгэлээс зайлсхийх. Учир нь шунал болон айдас дотоод урам зоригийг үгүй хийдэг.
3. Хүүхэддээ тэвчээртэй, хэрэгцээнд нь мэдрэмжтэй, тулгарч буй сорилтыг нь ойлгож хандах. Өсвөр насны хүүхэд бие махбодь, сэтгэцийн хувьд өөрчлөгддөг тул өөрийгөө шинээр бүтээх, шинэ дүрд тоглох шаардлагатай болдог.
4. Биеийн хөдөлгөөн хийхэд нь дэмжих. Олон цагаар ширээний ард сууснаар хүүхэд ядарч, төвлөрөхгүй болдог.
5. Яагаад сурах хэрэгтэйг тайлбарлах. Сургуульд зааж байгаа зүйлийг яагаад сурах ёстойг асууж эхэлдэг тул бодит амьдралд ямар хэрэглээ, хамааралтайг цаг гарган тайлбарлах.
6. Битгий харьцуул. Бусдын юу хийж байгаа нь төвлөрөхөд саад болж, бусад хүүхэд өөрөөс нь түрүүлж байгаа гэдэгт итгэснээр сурах чадвар буурдаг.
7. Бусад томчуудтай байхыг дэмжих. Өсвөр насны хүүхэд эцэг эхээсээ өөрсдийгөө тусгаарлах, бие даахыг хичээдэг. Үүний хажуугаар томчуудын ертөнц ямар байдаг, тэд юу боддогийг мэдэхийг хүсч байдаг.
8. Оюун ухааны сорилтыг олгох. Ингэснээр юунд чадвартай болохоо итгэж, үнэмшдэг.
9. Хянахыг оролдохгүй байх. Үр дагавраар сүрдүүлэхгүй байх. Өөрийн хүслээ тулгавал хүүхэд дургүйцэн, хүсэл тэмүүлэлгүй болно.
10. Нөхөрлөлийг дэмжих. Хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хадгалахад нь найз нөхөд хэрэгтэй.
11. Шүүмжлэхгүй байх. Өөрийгөө сөргөөр төсөөлж, доогуур үнэлдэг болно.
12. Гомдоллохгүй байх. Хичээлдээ сайнгүй бол хүүхэд бусад талаар ч бүтэлгүйтэж эхэлдэг. Өрөөгөө цэвэрлэхгүй, усанд орохгүй, бохир хувцас өмсөх гэх мэт. Иймд байнга шүүмжлэхийн оронд хичээлдээ сайжрахад нь туслах хэрэгтэй.
13. Санаа зовж буйгаа харуулахгүй байх. Энэ нь хүүхдийн стрессийг нэмэхээс хэтрэхгүй. Хүүхдийн хажууд сандарч, хашгирахгүй, тайван байх хэрэгтэй. Сурахад нь эцэг эх өөрсдийн хүсэл тэмүүллийг харуулах замаар дэмжих хэрэгтэй.
14. Жишээнээс суралцахад нь туслах. Сурч байгаа зүйлийнхээ хэрэглээ, зориулалтыг олж харвал сурах урам зориг нэмэгдэнэ.
15. Хичээл даалгавар нь овоорохоос сэргийлэх. Өдөр бүр бага багаар хийлгэх, өдөр, долоо хоног, сараар зорилт тавин, үүнд хүрэх цаг гаргахад нь туслах. Хэт их ажил овоорвол хүүхдийн урам зориг мохдог.
16. Хүн бүр юу ч хийж болдогийг санах. Боломжгүй мэт даалгавар хичээсний дүнд амар, зугаатай болдог жишээг харуулах, аливааг хангалттай хугацаанд хийснээр сайжирдагт итгүүлэх, урам зориг өгөх.
17. Магтаалаар дарамтлахгүй байх. Сайн дүн болон ухаантайг нь байнга магтаад байвал өөрийн дүр төрхийг хадгалах хүсэлд автаад, энэ бодол нь сурахад саад болдог. Үйл явцыг магтах, шударга байх хэрэгтэй.
18. Жижиг зорилтод төвлөрч, бага багаар амжилт гаргуулах. Тухайлбал, хангалттай дүн авахад хэрэгтэй бүлгүүдийг хамтдаа судлаад, бүх асуултад нь хариулж чаддаг болгох. Ачаалал нь багасахаар хүүхэд айдсаа гээж, эхлэх урам зориг авдаг.
19. Эрүүл хоол идэж, хангалттай унтаж буй эсэхийг анхаарах. Их хэмжээний сахар, транс тос, каффейнтай хоол хүнс хэрэглэх нь түгшүүрийг нэмэгдүүлж, хүсэл эрмэлзлийг бууруулдаг. Сурахыг нь дэмжихийн тулд савтай бэлэн боловсруулсан хүнс, бялуу, жигнэмэг, шарсан зүйл, кофе, хийжүүлсэн ундаа өгөхөөс зайлсхийх.
20. Сандарч, урам хугарахаа болих. Өсвөр насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрлийг хүсч, эрэлхийлдэг. Таныг тэдэнд чимээгүйхэн итгэл хүлээлгэхийг хараад тайвширч, сайжрах урам зориг авдаг. Харин эцэг эхийн нүдэнд урам хугаралт, сандрал, түгшүүр олж харвал хүүхэд санаа зовж, айж, сурч чадахгүй болдог. Учир нь эцэг эхийн хайр, анхаарлыг олж авахад ухаан санаа нь төвлөрдөг аж.
Эх сурвалж: whatparentsask.com
