Хүүхэд өсгөх явцад олж авсан сургамжаас
Updated: Apr 23, 2021
- Номон дээр бичсэнийг үг бүрчлэн дагахгүй байх. Анхны хүүхдээ төрүүлсэний дараа өөрөө хөхөхөө больтол нь ядартлаа суудаг байлаа. Гэтэл сүү залгихгүй, зүгээр л нойрондоо соска шиг хөхөж байсныг дараа нь мэдсэн.
- Хөхөнд сүү оруулах хүнс, цай гэж байхгүй. Амралт, ус, сэтгэл санаа, ойрхон хөхүүлэх чухал. Нэмэлт өгдөг бол угжихын өмнө хөхүүлж байхгүй бол сүү татарна.
- Бор хоолыг юугаар ч эхлүүлж болно. Эхлээд гэдсэнд нь өнгөр тогтоох ёстой гэдэг нь нотлогдоогүй зүйл гэдгийг мэдэж авсан.
- Зөвлөх, гавьяат болгон сайн эмч байдаггүй. Англи хэлтэй, мэдлэгээ байнга дээшлүүлдэг, нотолгоонд суурилсан эмчилгээ зөвлөдөг, эм өгөхийг урьтал болгодоггүй эмч олох нь чухал. Ноцтой эмчилгээ санал болговол заавал өөр эмчид үзүүлж баталгаажуулах хэрэгтэй.
- Хүүхдэд хүйтэн зүйл хорихгүй, гэрт хөл нүцгэн байлгаснаар хоолой нь өвдөхөө больсон. Халуурч, ойрхон өвддөг бол хоолойны арчдасны шинжилгээ өгч, тохирох антибиотекээр эмчилдэг. Ер нь бэгнэх тусам хүүхэд өвчлөмтгий байдаг.
- Ус уулгаж сургах энгийн нууц нь цай, ундаа зэрэг бусад сонголт байхгүй байх явдал юм.
- Цаг үеэ дагаад орчин нөхцөл, эрүүл мэндийн зөвлөгөө өөрчлөгдөж байдаг. Иймд өмнөх хүүхдээ өсгөхөд хэрэглэж байсан арга барил дараагийн хүүхдэд адилхан байх албагүй.
- Хүүхэд цэцэрлэгт явж нийгэмших нь цаашдын хүмүүжилд нэн чухал. Ойрхон өвдсөн ч эдгэхээр нь явуулж байвал аяндаа өвдөх нь багасдаг.
- Фэйсбүүк дээрх ээжүүдийн группээс хүүхдийн өвчлөл, хооллолттой холбоотой зөвлөгөө авахаас зайлсхийх. Батлагдаагүй, эсвэл буруу зөвлөгөө өгөх нь элбэг.
- Дархлаа сайжруулах эм бэлдмэл байдаггүйг мэдэх хүртлээ сүлжээний эмэнд их мөнгө зарцуулж билээ.
- Ханиад, томуу ялгаатай тул томуугийн вакцин ханиаднаас сэргийлэхгүй. Хатгаа өвчнөөс вакцин хийлгэн сэргийлж болно.
- Байраа солих, хүүхэд сургууль шилжих зэргийг хүүхдийн тоглох, сурах орчин, найз нөхөд өөрчлөгдөх болохыг маш сайн анхаарч шийдэх.
