Хүүхэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх санаа
Бүсгүйчүүдэд ухаарал, урам зориг, шинэ санаа өгдөг "Байна уу" подкастын 2020.07.30-ны дугаараас
Хүүхдэд багаас нь зөв зуршил тогтоох нь ирээдүйд нь хийх том хөрөнгө оруулалт юм. Дуртай зүйлээр нь далимдуулж дэлгэц үзэхийг багасгах, хэчнээн үгүй гэсэн ч тайлбарлаж байх нь чухал. Телевиз үзэх цагийг нь багасгахын тулд охинтойгоо ярилцан, хийх юмны төлөвлөгөө гаргасан. Эхлээд их дуртай, байнга хиймээр, эсвэл хийж сурахыг хүсч байгаа зүйлсийг нь асуусан. Үүнд аяган бялуу хийх, юм оёх, нэхэх, зурах, шигтгээ наах, шоппинг хийх, гадаа дугуй унах, мөсөн тэшүүрээр гулгах орсон. Дараа нь хоол хийх, ой тогтоолтын хичээл, иог гэх мэт дуртай мөртлөө хийх хэрэгтэй зүйлс, хамгийн сүүлд зайлшгүй хийх зүйлсийн жагсаалт (тухайлбал, өдөр бүр хамгийн багадаа 30 минут ном унших, хуулан бичлэг хийх) гаргасан. Нэг өдөр зайлшгүй хийх зүйл, тэгээд дуртай юм, дараагийн өдөр нь зайлшгүй хийх зүйл, хамгийн дуртай зүйл гэсэн байдлаар сөөлжилж хийлгэж байгаа.
Жагсаалтыг гаргахад мэдээж ээжийн хувьд хэрэгтэй зүйлд чиглүүлж өгсөн. Гол нь байнга хийн, зуршил болгоход анхаарч байна. Мөн аливаа зүйлийг хийх ач холбогдлыг сайн тайлбарлах чухал. Хүүхэд хамт юм хийх дуртай байдаг тул өнжөөд хийх замаар зохицуулдаг. Зурах сонирхлыг нь дэмжихийн тулд хумсны лакаа өгсөн. Эцэст нь, хүүхдэд хийх юмыг нь шууд сануулж хэлэхгүйгээр өөрөөр нь сануулах хэрэгтэй. Тухайлбал, цаг хэд болж байна, юу хийх ёстой билээ гэж асуувал хүүхэд санаачилгатай, хариуцлагатай, бүтээлч болж өсдөг байна.
