Хэдэн наснаас спортоор хичээллэх вэ
Updated: May 12, 2021
“Гурван нас хүрэхээс нь өмнө...” номд хүүхэд спортоор эрт хичээллэх тусам үр дүн өндөр, оюуны хөгжилд түлхэц болдог, хөдөлгөөний чадвар удамшлаас илүү дасгал сургуулилтаас хамаардаг талаар бичсэн байдаг. Австралид хөл бөмбөгийн сургалтын үеэр багш нь хичээл тайлбарлаж байхад 2 настай л болов уу гэмээр бяцхан охин ойлгож байгаа ч юмгүй, шал өөр тийш гүйдэг ч эцэг эх нь уйгагүй тайлбарлаж, хичээлд нь байнга авчирч байхыг харсан.

Багийн спорт нь хүүхдийг хөдөлгөөний эвслээс гадна бусадтай хамтрах, багшийн зааврыг биелүүлэхэд сургадаг ач холбогдолтой. Монголд 1.5 наснаас эхлэн суралцах боломжтой хөл бөмбөгийн олон улсын хөтөлбөр байдаг. Хүү маань 2 нас хагастайгаасаа энд хөл бөмбөгийн хичээлд явсан. Анх сурахаасаа үймүүлэх нь их, заасныг сайн дагаж хийж чаддаггүй байсан. Яваандаа сайжирсаар одоо шилдэг сурагчдын нэг болсон. Иймд манай хүүхэд хэтэрхий бага, эсвэл авьяас сонирхолгүй юм байна гэж эрт дүгнэх дэмий санагдсан. Мөн Монголд хөл бөмбөгийн сургалтад маш цөөн охид явдаг бол Австралид хөвгүүд, охид бараг тэнцүү тоотой байгаа нь ажиглагдсан. Хөвгүүд, охид гэж ялгалгүй хүүхдүүдээ багаас нь спортоор хичээллүүлцгээе.