Хүүхдээ гадаадад сургах хүсэлтэй бол
Updated: Feb 13, 2022
Америкт суралцсан залуусын ярианаас дараах зүйлсийг ойлгож авсан.
- Аав ээжийн нөлөө их. Зарим залуус багадаа гэр бүлтэйгээ гадаадад амьдарч, дунд сургуульд сурч байсан нь ирээдүйд гадаадад сурахад нь түлхэц болсон.
- Хүүхдийн хичээл зүтгэл, тууштай байдал хамгийн чухал. Бүтэлгүйтсэн ч бууж өгөхгүй, дахин оролдох хэрэгтэй. Зарим хүүхэд жилийн завсарлага аван, шалгалтдаа бэлдэж байжээ.
- Сургуулиа сонгохдоо байршил, цаг агаарыг заавал харгалзах.
- Том сургуулийн тэтгэлгийн сан өндөр байдаг.
- Хамгийн шилдэг сургуульд орох гээд чадахгүй, шантрах тохиолдол гардгийг анхаарах.
- Монгол оюутан байдаггүй сургуульд Монгол гэдэг нь давуу тал болно.
- Гадаад оюутан цөөн бол өөртэйгээ ижил санаа бодолтой найз нөхөдтэй болох боломж хязгаарлагдмал.
- Өртөг бага тул эхлээд community college-д элсээд, дараа нь их сургуульд шилжин суралцсан залуус олон.
- Спорт, урлагийн авьяас тэтгэлэг авахад нөлөөтэй. Нэг залуу морин хуур тоглодог тул сургуулиас нь тэтгэлгийн хэмжээг нь нэмэгдүүлснийг дурдсан.
- Дүнгээс гадна нийгэмдээ хувь нэмэр оруулдаг эсэх чухал тул аль болох эртнээс олон нийтийн ажил хийж эхлэх.
- Мэргэжил сонгохдоо тэр чиглэлээр ажиллаж буй хүмүүстэй уулзах, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй эсэхийг судлах. Сүүлийн үед хоёр салбарын огтлолцолд мэргэжлүүд бий болж байгаа.
- Америкт төгсөгчдийн холбооноос зөвлөгөө, мэдээлэл үнэгүй авч болно.
Мөн Ц. Оюунгэрэлийн “Америкт суралцсан тэмдэглэл” хэмээх номд сургууль сонгох, өргөдөл гаргахад хэрэгтэй зөвлөгөө байдаг.
Эх сурвалж: EducationUSA Mongolia podcast
