Хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ
Updated: May 4, 2021
Энэ удаа Австралийн эрүүл мэндийн салбараас ажигласан зүйлсээ хуваалцъя.
Амбулаторийн эмч нар энгийн хувцастай байдаг. Миний бодлоор энэ нь хүүхдэд эмч бол ямар нэг тусгай хүн биш гэсэн ойлголт төрүүлдэг байх. Монголд цагаан халадтай эмч хараад л айдаг хүүхэд олон байдаг. Үзлэг болгонд цээж чагнахгүй, ханиад хүрсэн бол нусаа сайн нийхийг зөвлөөд гаргана. Мөхөөлдөс зэрэг хүйтэн юм идэж, уухыг хорьдоггүй. Нэг эмч бүр хүүтэй маань найзлаад, чихэр өгч эрхлүүлдэг байлаа.
Цахимжсан тул эмч нар компьютер дээр өвчтөний мэдээлэл оруулан, эмийн жороо хэвлэж өгдөг. Монголд бол зарим эмчийн бичгийг унших гэж олимпиадын бодлого бодох дайны юм болдог шүү дээ. Эмийн сангууд яг өгөх тунгаар эмийг бэлдээд, нэрийг нь бичсэн уутанд өгдөг. Манайхан том хүний эмийг хүүхдэд 2, 3, бүр 4 хувааж өгөхөөр бичдэг. Жишээ нь, хлорфенамин зэрэг жижиг эмийг эн тэнцүү хуваах бас л амаргүй гэдгийг ээжүүд сайн мэднэ.
Нэг удаа вакцин хийлгэхэд уйлаагүй сайн байна гээд хүүд маань стикер, жижигхэн чихмэл тоглоом өгсөн. Харин тарихын өмнө спирттэй хөвөнгөөр арчаагүй. Үнэхээр арчих ёстой эсэхийг сайн мэдэхгүй ч спиртийн хурц үнэр, арьсыг хүйтэн нойтон юмаар арчих таагүй сэтгэгдэл хүүхдэд төрөхгүй нь зүгээр санагдсан.
Хүү маань хэд хоног гарандаа гипс зүүх шаардлагатай болов оо. Тэгэхэд ямар өнгийн боолт хийлгэмээр байгааг нь асуухад сургуулийнхаа дүрэмт хувцастай адил улаан өнгө сонгосон байсан.
Хэвтдэг эмнэлэгт хүүхэд бүр нэг өрөөнд байрлана. Эмнэлгээс хувцас өгнө. Буйдан, ширээ, сандал, шүршүүр, нойлтой тул сахиур нь тав тух алдахгүй. Аав, ээж нь хамт сахьсан ч болно. Шөнө коридорын гэрэл унтраастай, чимээ анир гардаггүй. Монголд бол эм, тарианы тэрэг түжигнээд л, асрагч, сувилагч нар чанга ярьцгаах нь түгээмэл байдаг. Хэвтэж буй хүүхдүүдэд зориулсан гадаах тоглоомын талбай болон номын сан эмнэлэгт байдаг.
Монгол эмч нарын ур чадвар Япон, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орны эмч нараас дутахгүй байж чадна гэж боддог. Харин эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн иргэдэд ээлтэй болгох талаар дор бүрнээ тунгаан бодоцгооё.
