Хүүхдэд урам өгөх арга
Цэцэрлэгийн насны хүүхдээ зөв үйлдэл хийх, сайн хүн болж төлөвшихөд нь урамшуулахын тулд нэг нүүр цаасан дээр өнгө өнгөөр хийж чаддаг ажил болон сайн чанарыг нь жагсаан бичсэн. Ингэхдээ зан чанар, ажил хөдөлмөр, бусад ур чадвар гэсэн 3 ерөнхий бүлэгт хуваасан. Үе үе шинэ чадварыг нэмэн шинэчлэхийн хамт хуучнаа уншин, хийхээ больсон зүйл байвал сануулна. Үүндээ их дуртай, миний жагсаалтад энэ ажлыг нэмсэн үү гээд л асуудаг. Ах дээр нь бас байгаа, дээр нь цээж зураг наачихсан. Энэ жагсаалтыг бас бухимдсан үедээ хүүхдийнхээ сайн талыг олж харахад ашиглая гэж бодож байна. Заримдаа бид зөвхөн дутагдал дээрээ төвлөрөөд, сайн талаа мартчихдаг тул гэр бүлийн гишүүн болгонд байсан ч зүгээр санагдсан.
Түүнчлэн хүүхэдтэйгээ орой унтахын өмнө тэр өдөр тохиолдсон сайхан зүйлсийг харилцан бие биедээ хэлдэг. Ингэснээр хүүхэд ямар ч зүйлээс сайн талыг олж харах, өөрийнх нь ямар үйлдэл бусдыг баярлуулсаныг мэдэх, улмаар урам зориг авах болов уу гэж найдаж байгаа. Та бүхэн ямар аргаар хүүхдээ урамшуулдаг вэ?
