Хүүхдийн бор хоолны талаар
Нялх хүүхдийн хооллолттой холбоотой буруу хандлага түгээмэл ажиглагддаг. Тухайлбал, гэдсэнд өнгөр тогтоодог тул цагаан будааны шүүснээс эхлэн хоолонд оруулах сайн гэлцдэг. Гэтэл заавал ийм хоолноос эхлүүлбэл сайн гэсэн зүйл байдаггүй аж. Судалгаа мэдээллээс үзвэл будаа хүнцэл агуулдаг тул хүүхэд байтугай том хүн ч бага хэрэглэх, болгохдоо их усаар удаан угаахыг зөвлөдөг байна. Бидний ээж нарын үед эмч нар хүүхдийн гэдэс өвдөхөд цагаан будааны шүүс өгөхийг зөвлөдөг байсан. Цаг үеэ дагаад хүүхдийн асаргаа, хоол тэжээл өөрчлөгддөг тул нотолгоо судалгаагүй зөвлөгөөг сохроор дагахгүй, судалгаа мэдээлэлтэй байцгаая.
Нөгөөтэйгүүр, орчин үеэ дагаж байна гээд бас туйлшрах дэмий. Жишээ нь, үнээний сүүг нэг нас хүртэл өгөхгүй гэвэл чанадаг каш, тараг яах вэ? Каш гэснээс хэдэн жилийн өмнө Оросын манная каш муу гэсэн мэдээлэл яваад байсан. Тэгвэл зуурдаг каш дээр юм байна гэтэл саяхан хүүхдийн бэлэн тэжээл хортой бодис агуулдаг нь илэрсэн. Таргийг бас бүрчихээд хэдэн цаг ч билээ шүүж өгнө зэрэг зарим ээжийн уншиж дуусгахад ч урт зөвлөгөө их байдаг. Гол нь хүүхдийн авах шим тэжээлт бодисыг алдагдуулахгүй байх чухал байх.
Хүүхдийг 6 сар хүртэл нь аль болох хөхөөр хооллохыг зөвлөдөг. Харин 4 сар хүрсэн ч хөхөндөө муу, жинд нь санаа зовж байгаа бол эмчтэй зөвлөн нэмэлт хоол танилцуулах тохиолдол байж болдог. Мөн зарим нэмэлт сүүг таргалуулдаг, диатез үүсгэдэг гэж ярьдаг нь зөвхөн тухайн хүүхэдтэй хамааралтай байж болохыг санаарай.
Хүүхдээ бүх хорт зүйлээс зуун хувь хамгаалж чадахгүй нь ойлгомжтой. Хүүхэд чинь харшилтай л биш бол хооллолтод нь өөрт чирэгдэл бага, уян хатан, тэнцвэртэй хандах нь зүйтэй болов уу.
