Хүүхдийг гэрийн ажилд туслуулах

Updated: May 17, 2021

Хүүхэд бусдын үйлдлээс үлгэрлэж сурдагийг бүгд мэднэ. Иймд хөвгүүдэд аавын, дүү нарт ах, эгчийн үлгэр дуурайлал чухал санагдсан. “Бие даасан хүүхэд буюу хэрхэн “залхуу ээж” болох вэ?” номд хүүхдийг ажилд сургах хэрэгтэй санаанууд байдаг. Тухайлбал, аль болох хүүхдийнхээ урдуур орохгүй байх, хялбар хоол хийх замаар хүүхэд хоол хийж сурахыг дэмжих гэх мэт.

Цэцэрлэгийн насны хүүхэд бүх зүйлийг сонирхож, сурахаар тэмүүлдэг нь ажиглагддаг. Манай хүү ч ялгаагүй ээжтэйгээ хамт ямар ч ажил хийх дуртай байдаг. Энгийн орцтой зууш, шейк хийх, өндөг шарах, шал, тоос арчих, хог шүүрдэх, тоос соруулах зэрэг ажлыг хийдэг. Мэдээж бүтэлгүйтэх, чанаргүй хийх нь элбэг. “Ажил хийсэн хүн л алдаа гаргадаг” гэж өөрт нь миний хэлдэг үгийг нэг өдөр эргээд надад хэлж билээ. Анх ногоо арилгах гээд гараа эсгэхэд нь “анх бүгд ингэдэг, дараагийн удаа болгоомжтой байвал зүсэхгүй” гэсэн. Хэрвээ тэр үед өөрөө сандраад, дараагийн удаа хийх гэхэд нь “чи чадахгүй, түрүүн яалаа даа” гэсэн бол мөд сурахгүй байсан байх.

Хүүхдүүд шоколадтай торт, хуушуур зэрэг дуртай зүйлсээ баяртайгаар хийдэг тул дур сонирхлоор нь дамжуулж хоол унд, нарийн боов хийлгэж сургавал үр дүнтэй санагдсан. Хүүхдийн насанд таарсан ажлыг аюулгүй байдлыг ханган хийлгэх, өдөр болгон ямар нэг цэвэрлэгээ хийлгэх, аль болох бага шүүмжилж, урамшуулахад анхаарч байгаа. Мөн ажил хийж сурах нь ирээдүйд ямар ач тустайг ойлгуулахыг хичээдэг. Нөгөөтэйгүүр, хүүхэд дүүтэй болохоор аяндаа хариуцлага, гэрийн ажил дахь оролцоо нь нэмэгддэг. Туршлагатай ээжүүд өөрсдийн аргаас хуваалцана гэдэгт найдаж байна.




38 views0 comments

Recent Posts

See All