Таны хүүхэд ухаалаг төхөөрөмжид дуртай юу?
Updated: May 10, 2021
Бүсгүйчүүдэд ухаарал, урам зориг, шинэ санаа өгдөг "Байна уу" подкастын нэгэн дугаараас тоймлов.
Бидний амьдралд утас салшгүй хэрэглээ болсон нь хүүхдэд буруу үлгэр дуурайлал болдог. Мөн эцэг эх хүүхдээ дэлгэцэнд донтсон гэж мэдэхгүй, шинэ юмтай танилцаг, сураг гэж бодоод, бүр бодож ч амжихгүй яваад байдаг. Түүнчлэн хүүхдээ саатуулах гэж, эсвэл хөршдөө саад болохгүйн тулд утас өгөх нь ч бий. Америк эрдэмтний нэгэн судалгаанд дурдсанаар ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ 0-2 насны хүүхдэд огт хэрэггүй, 2-5 насны хүүхэд аав, ээжтэйгээ хамт өдөрт 30 минут, 6-10 насанд 1 цаг, 10-18 настай бол 1-2 цаг байх зохимжтой, үүнээс хэтэрвэл сөрөг нөлөөтэй гэжээ. Гэтэл бодит амьдралд хүүхдийн дэлгэцийн дундаж хэрэглээ өдөрт 4 цаг байдаг байна.
“Донтолт” номонд дурдсанаар насанд хүрсэн хүн долоо хоногт 38.5 цагаас дээш интернэт хэрэглэдэг бол донтсон гэж үзнэ. Видео тоглоомны донтолт мөрийтэй тоглоомын, ухаалаг утасных мансууруулах бодист донтох эмгэгийг агуулдаг байна. Донтолт, гэр бүлийн харилцаа шууд хамааралтай байдаг.
Донтолтын шинж:
Хараа хяналтгүй үед, эсвэл хийх өөр юмгүй бол дасал болох. Сэтгэл ханамж авахын тулд хэрэглээгээ нэмээд л байдаг.
Хэрэглээгүй үедээ бухимдах, ганцаараа, тусгаарлагдсан, хэн ч биш мэдрэмж төрөх, утсаа өөрөөсөө холдуулж чадахгүй болох.
Утсаа барьж байгаад анхны зорилгоосоо халиад юм үзээд эхлэх.
Хичээсэн ч утсаа хэрэглэхээ больж чадахгүй байх.
Сэтгэл санаа түгшүүртэй үед, сэтгэл гутралаа тайвшруулах гэж утас үзэх.
Хүнтэй ярьсанаа мартах, ажил, сурлага, нийгмийн амьдралд нь нөлөөлөх.
Ганцаардал, дорд үзэгдэх гэх мэт сэтгэл зүйн асуудлаа шийдэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх гэж үзэх. Жишээ нь, сошиалд би үгээ хэлэхгүй бол болохгүй нь гэдэг.
Донтолтыг шийдэхийн тулд ямар асуудлаас болж байгааг тогтоох нь чухал. Хүүхэд нийгэмшиж чадахгүй, бие хүн болж төлөвшөөгүй байдаг тул өөрийгөө хянах чадвар, өөр орлуулах юм байхгүйгээс болдог байж болно. Иймд эцэг эх хамтдаа цаг өнгөрөөх, өөр юм хийх зуршилтай болгоход анхаарна. Хүүхэд нийгмийн харилцаанд оролцох хүслээ видео тоглоом тоглож тайлдаг бол том болсон ч тоглосоор байдаг. Видео тоглоом маш гоё догдолсон, амжилттай мэт мэдрэмж өгдөг бөгөөд өөр юмнаас сэтгэл ханамж авахаа больдог. Амьд харилцаатай харьцуулахад компьютерын ард тоглоод ялагдсан ч сэтгэл гутралаа нуух боломжтой байдаг.
Видео тоглоомын давуу тал байдаг ч донтсон бол багаас нь арга хэмжээ авах хэрэгтэй. Зан байдлын өөрчлөлтөд орох, уур уцаартай болох, худлаа ярих, мөнгө хулгайлан тоглоомын газар тоглох зэрэг хүнд түвшинд хүрсэн хүүхэд байдаг. Эцэг эх ажилтай, завгүй гээд хүүхдээ анхаарахгүй бол үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэр юм. Кинонд хүчирхийлэл гардаг тул юу үзэж байгааг нь анхаарч, киноны ангиллыг сайн харах хэрэгтэй. Гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалах дархлааг орчин үеийн хүүхдэд суулгах нь чухал.
Хүүхдийнхээ бодит байдлыг анзаарч мэдэх, утасны хэрэглээг багасгах, хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг тул ирээдүйнх нь төлөө зуршлыг нь өөрчлөх шаардлагатай. Орчин үед эцэг эх хүүхэддээ үргэлж санаа зовж, хэрэгтэй зүйлд залах, өөрсдийгөө давхар хөгжүүлэх, эрэл хайгуул хийх, юунд яагаад дуртай байгааг нь ажиглан, онцлогт нь тохируулж арга хэмжээ авах, өөрийнхөө үйлдлийг давхар өөрчилдөг байгаасай. Эцэг эхчүүд бид бизнесээ өргөжүүлөн, өөрөө хамт хөгжиж боловсордог шигээ хүүхдээсээ түрүүлж боловсорч, урьдчилан мэдлэг мэдээлэлтэй байж, зөв арга хэмжээ цаг тухайд нь авцгаая.
“Байна уу” подкастаас бүрэн эхийг сонсоорой.
