Орон орны хүмүүжлийн онцлог

Updated: Feb 12

Сүүлийн үед олон ном орчуулагдаж, хүүхэд хүмүүжлийн талаар орон орны номыг төрөлх хэлээрээ унших боломж олгож байгаа нь талархууштай. Дараах номнуудын сэтгэгдлээ хуваалцъя.


“Аав, ээжийн ном” Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухаан, зан заншлыг насны ангиллаар дэлгэрэнгүй бичсэн. Харин хэрхэн яаж гэсэн заавар, зөвлөгөө дутмаг санагдсан.


“Цойлогсод” (Goodreads 4.11/5) Еврейчүүдийн хөгжлийн нууцыг тайлахыг оролдох явцад бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэхэд анхаардаг еврей хүмүүжлийн талаар бичсэн. Тухайлбал, еврей ээж хүүхдээсээ хичээлдээ юу сурсан бэ гэж биш, харин багшаасаа ямар асуулт асуусныг асуудаг байна.


“Бие даасан хүүхэд буюу хэрхэн “залхуу ээж” болох вэ?” (Goodreads 4.45/5) Орос зохиогчийн энэхүү ном монголчуудын амьдралд илүү дөхүү санагдсан. Хүүхдээ бие дааж сургаагүй ээжүүд өөрсдөө бие даагаагүй байдаг гэсэн нь бодууштай. Хэт тойглохгүйгээр, хүүхэддээ итгэл хүлээлгэх нь чухал байдаг байна.


“Бар ээж” (Goodreads 3.64/5) Америкт амьдардаг Хятад ээж охидоо хэрхэн хатуу чанд сургаж байгаа талаар өгүүлдэг. Шууд хэрэгжүүлэхээс илүүтэй, дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд ямар нөхцөлд сурч, өссөн хүмүүстэй тулгарах талаар мэдээлэл авахад хэрэгтэй санагдсан.


“Дахиж хүүхдэдээ уурлахгүй” (Goodreads 4.13/5) Японы нийгэм, сэтгэхүй мэдээж өөр боловч маш хэрэгтэй ном. Хэрхэн уур уцаараа уирдахыг алхам алхмаар заасан бөгөөд нэг бус удаа уншиж байж хэрэгжүүлэх болов уу.


“Франц хүмүүжлийн нууц: Bébé өсгөхүй” (Goodreads 3.99/5) Америк, франц хүмүүжлийг харьцуулан, хөгжилтэй түүх байдлаар бичсэн. Бидний хүүхдүүд киног нь маш их үздэг Америк хүмүүжилд харамсалтай нь олон дутагдалтай тал байдаг ажээ. Франц соёл маш ялгаатай (хүүхдээ хөхүүлдэггүй, ажилдаа эрт ордог г.м) хэдий ч хүүхдийг дуулгавартай болгон өсгөх, эрүүл хооллох талаар олон хэрэгтэй санаа бий. Хэрвээ нуршуу санагдвал зөвхөн зөвлөгөөг нь түүж оруулсан “Bébé Day by Day: 100 Keys to French Parenting” номыг уншаарай.


"Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө" (Goodreads 3.8/5). Солонгос хүмүүжлийн арга барилд шүүмжлэлтэй хандсан. Монголчуудад тусгаж авах санаа нэлээн бий. Баруун, зүүн тархины хөгжлийг шинжлэх ухааны үүднээс авч үзэн, зурагт тайлбар оруулснаараа онцлог. Хүүхдийн нас аль болох бага үед уншиж хэрэгжүүлбэл үр дүнтэй.




20 views0 comments

Recent Posts

See All