Нялх хүүхдийн нойрны талаар
Updated: May 4, 2021
Хүүхэд нь шөнө сэрдэг ээжүүд “The no-cry sleep solution” номыг уншихыг зөвлөмөөр байна. Номын давуу тал нь 2 хүртэлх насны хүүхдийг унтуулахад туслах зөвлөгөө байдаг. Ингээд зарим чухал санааг дор дурдъя.
Юуны өмнө нойр гэж юу болох талаар сайн ойлголттой болох нь чухал. Тухайлбал, гүн нойр, хөнгөн нойр, зүүдлэх үе, нэг гүн нойроос нөгөөд хэрхэн шилждэг талаар. Том хүн бол нойрны цикл хооронд сэрээд эргээд унтдагаа өөрөө ч мэддэггүй бол нялх хүүхэд эргээд унтаж чадахгүй тусламж хүсэн уйлдаг байна.
Хүүхдээ сайн ажиглаж, нойр нь хүрч байгаа шинж илрэнгүүт унтуулах хэрэгтэй. Үгүй бол хүүхэд бүр сэргээд, ядарсан хүүхэд мөд унтдаггүй байна. Тэгэхээр хуваарьт цаг нь болоогүй байна гээд хүлээгээд байж болохгүй нь.
Нялх хүүхдийн насаар унтлагын дундаж хугацааг харуулсан хүснэгт байдаг. Үүний дагуу хүүхэд чинь хэр унтаж байгааг шалгаад үзэхэд гэмгүй. Тухайлбал, өдөрт хэдэн удаа унтахаас хэд унтаж байна, хоногийн нийт унтах цагт хүрч байна уу, үгүй бол өдөр, шөнийн аль унтлага дутуу байна гээд зохих арга хэмжээ авна гэсэн үг. Мөн өдрийн унтлага 1 цагаас бага байвал эргээд унтуулах арга хэмжээ авах хэрэгтэй байдаг байна. Манай хүүхдийн хувьд нойр дутуу бол андашгүй уйлаад сэрдэг. Өдөр сайн унтсан хүүхэд шөнө сайн унтана.
Эцэст нь, хүүхэд, том хүн ялгаагүй тогтмол цагт унтаад байхаар биологийн цаг нь тогтворждог. Түүнчлэн хүүхдэд унтах цагийг сануулах тогтмол зан үйлтэй болох, шөнийн унтлага болоход нам тайван орчин бүрдүүлэх, гэр чинь дуу чимээ ихтэй бол ая тавих нь тустай байдаг байна.
