Нялх хүүхдийг шөнө сайн унтуулах
Хүүхдийн нойр хэр сайн байх нь мэдээж хүүхдийн онцлогоос хамаарна. Манай хүүхэд бага сартайдаа шөнө сэрэхгүй, сайн унтдаг (6-8 цаг) байсан. Үүнд дараах зүйлс нөлөөлсөн болов уу.
· Аль болох тогтмол цагт, нам гүм орчинд унтуулах. Унтахын өмнө ая тавьдаг байсан.
· Унтахын өмнө сайн хооллох. Хооллосны дараа шууд унтуулахгүй, хэсэг сэрүүн байлгах. Хэрвээ хөхүүлээд өвөр дээр унтсан бол сэрээд, яахаараа хатуу орон дээр ганцаараа байдаг байна гээд уйлдаг аж. Эсрэгээрээ орондоо зүүрмэглэж байгаад унтсан бол сэрсэн ч нөгөө л орондоо байгаа тул айхгүй, эргээд хурдан унтах нь.
· Өөрөө эргэж чаддаг болтол нь наадаг, уутан өлгийд унтуулдаг байсан. Өлгийдөхөөр эхийн хэвлийд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг тул сайн унтдаг гэдэг. Эхэндээ гарыг нь далд хийхээр дургүйцдэг байсан ч сүүлдээ сурсан.
· Сэрэхгүй л бол живх солих болон хөхүүлэх гэж сэрээхгүй. Хооллохгүй бол мэдээж бага шээнэ. Харин шингээлт сайтай живх хэрэгтэй.
Эцэг эх хүүхдээ уйлахад өвдсөн, эсвэл өлссөн гэж боддог. Гэтэл нойрны цикл хооронд сэрчихээд, эргээд унтаж чадахгүй тусламж хүсэн уйлдаг аж. Ярьж чадахгүй хүүхэд өөр яаж ойлгуулах вэ дээ. Уйлсаар уйлсаар хүн гэж Монгол ардын зүйр үг ч байдаг. Мэдээж хүүхэд чинь жин хэвийн, өвчингүй байх ёстой. Эргэлзэж байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хамт унтахаар ээж бага ядардаг, хөхүүлээд өөрөө ч мэдэлгүй эргээд хоёулаа амархан унтдаг нь үнэн. Харин энэ нь хүүхдэд эрсдэлтэй тул тусад нь оронд унтуулж сургавал том болоод ч хурдан бие даана. Мөн томроод нойронд сайжирдаг гэдэг ч манай хүүхдэд хэрэгжээгүй, эсрэгээрээ байсан. Тийм болохоор 8 сартайд нь нойрны сургалт эхлүүлсэн. Ер нь 4 сар хүрсэн хүүхдэд нойрны сургалт эхлүүлж болно гэдэг. Гэхдээ өмнө нь дэглэмд сургасан бол хамаагүй амар унтаж сурна.
Номд бичсэнээр том хүн төдийгүй хүүхдийн ходоод ч шөнө амрах хэрэгтэй аж. Бодоод үзэхээр хүүхдийн ходоод ямар жижиг билээ дээ. Хөхнөөс гарсаны дараа хүүхэд сэрэхээ больдогийг ээжүүд мэднэ. Тэгэхээр шөнө хооллоод сурчихсан болохоор л сэрдэг байх нь. Гэхдээ бага сартай хүүхдийг тэдэн цаг тутам хооллох хэрэгтэй гэсэн зөвлөгөө байдаг. Тэгэхээр ээжүүд өөрсдөө сайн судалгаа хийх хэрэгтэй. Угжны, хөхний, айлын ганц, ах эгчтэй, байрны, гэрт амьдардаг зэрэг ялгаа нь бүгд нойронд нөлөөтэй тул аливаа зөвлөгөөг сохроор дагалгүй, өөрийнхөө болон хүүхдийнхээ онцлогийг харгалзах нь зүйтэй санагдсан.
