top of page

Номтой нөхөрлүүлэх нь

Updated: Apr 29, 2021

Хүү маань багаасаа л ном унших дуртай. Үүнд англи хэлний мэдлэг нь түлхэц болсон болов уу. Учир нь англи хэл дээр номын сонголт их, интернетээс сонирхсон номоо хайж олох боломжтой. Нөгөөтэйгүүр, ном уншсанаар эргээд хэл сайжирдаг.


Ном унших сонирхлыг нь Kindle авч өгөх, гадаадаас ном авчрах, захих, номын дэлгүүр хамт орох, ажлынхаа ойролцоо насны хүүхэдтэй хүмүүстэй хүүхдийн ном солилцох, сургуулийн амралтаар ангийнхантай нь ном солилцож уншуулах, Lingors Extensive Reading тэмцээнд оролцуулах, хүүхдийн номын санд үнэмлэх нээлгэх зэргээр дэмжиж байсан. Харин бидний багадаа шимтэн уншдаг байсан сонгодог зохиолуудаас авч өгөхөд сонирхоогүй. Үнэхээр цаг үе өөрчлөгдсөнөөс гадна манай зарим орчуулгын ном том хүн уншаад ч ойлгохооргүй хүнд үгтэй байсан. Мөн Монголын уран зохиол төдийлөн сонирхдоггүй нь одоогийн хүүхдүүд Монгол соёл, ахуйгаас хол өсдөгтэй (харамсалтай) холбоотой болов уу.


Бүдэг гэрэлд унших, хичээлээс илүү номонд тэмүүлэх, оройтож унтах зэрэг хандлагаас сэргийлэх хэрэгтэй юм байна лээ. Мөн уншлагын тэмцээнд сургуулийн амралтын үеэр оролцуулбал дээр санагдсан. Харааг нь хамгаалах үүднээс цахим номыг хэвлэж өгч байгаа.


Манай хүү уран зохиол төдийгүй намтар, хувь хүний хөгжлийн номонд сонирхолтой. Иймд гэрийн номын сандаа хүүхдийн сонирхол төрүүлэхүйц олон төрлийн ном байлгах нь чухал санагдсан. Ном аваад хүүхдийнхээ ойролцоо тавихад аяндаа өөрөө сонирхоод уншдаг гэж Оюун ухааны академийн Хатанбаатар ярьж байсан нь хэрэгжүүлэхэд үр дүнтэй байсан. Австралид бага ангийн хүүхдэд зориулсан ном унших тоогоор стикер наагаад, тодорхой тоонд хүрэхэд аав, ээж нь гарын үсэг зураад өгдөг хөөрхөн сертификат бүхий товхимол гэрт нь өгч явуулсан байсныг санаж байна.


Ном уншдаг хүүхдийн сэтгэн бодох, ургуулан бодох чадвар хөгждөг тул багаас нь унтахын нь өмнө ном уншиж өгөх зэргээр хүүхдүүдээ номтой нөхөрлүүлцгээе.


25 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page