top of page

Киноны сэтгэгдэл

Updated: May 2, 2021

Саяхан “Скай шилтгээн” хэмээх Солонгосын олон ангит кино үзлээ. Нийгмийн сөрөг үзэгдлийг шүүмжилсэн, уйтгар гуниг, инээд хөөр хосолсон, хүнд юм бодогдуулсан сериал байна. Рэйтинг 8.7/10; Netflix, Voo дээр үзэх боломжтой. Боловсролын системийн доголдол, нийгмийн өрсөлдөөнт сэтгэхүй нь ямар эмгэнэлт үр дагавар дагуулж буйг харуулдаг тул эцэг эхчүүд үзэхэд илүүдэхгүй санагдлаа.


3 үе дамжсан эмч болох дарамт шахалт, баян айлын бэр болохын тулд өмнөх амьдралаа нуун, нэрээ өөрчилсөн эмэгтэй, эцэг эхчүүдийн хүүхдээ амжилтад хүргэх шуналыг далимдуулан мөнгө олох зөвлөгч багш, Харвардад сурдаг гэж бүтэн жил жүжиглэсэн охин, хэт их хичээлээс залхан гэрээс зугтах хүүхэд, хулгай хийж стресс тайлах сурагчид, эмгэнэлтэйгээр төгсөх өнчин охин, албан тушаал дэвшихийг амьдралын зорилго болгосон аав, хүүхдээ шилдэг болгохын тулд юу ч хийхээс буцахгүй ээжүүд. Эцэст нь, хүүхэд эцэг эхийнхээ хүссэн замаар явах албагүй, хүн болгон дээд боловсрол эзэмших чухал биш, хичээлдээ муу хүүхдэд ч сайн тал байдгийг олж харах, хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзах, өөрсдийн чадаагүй замналыг хүүхдэдээ тулгахаа болих, гэр бүлийн эв нэгдэл, хүүхдийн аз жаргал нь юунаас ч илүү зэргийг 40 гаруй насандаа ухаарч буй гэр бүлүүд.


Энэ киног үзсэний дараа “Бар ээж” номонд гардаг ээж, охины тэмцэл санаанд орсон. Тэгэхээр амьдрал дээр хүүхдээ хүчээр сургах явдал хаа сайгүй байдаг нь тодорхой. Сайн сургууль төгссөн хүн бүр жаргалтай амьдрах уу, хүүхдийг хичээлээр хэт шахах нь зөв үү гэдгийг үзэгчид мэргэн оюундаа тунгаан бодох буй за.


39 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page