Австрали улсын бага сургуулийн онцлог, давуу тал
Updated: Apr 24, 2021
Австрали улсад хүүгийн маань сурч байсан хоёр сургуулиас дараах зүйлсийг ажигласан. Үүнээс Монголд хэрэгжүүлмээр зүйл олон байдаг.
- Сургууль дээр бэлтгэл анги хичээллэдэг бөгөөд гадаад хүүхдүүдэд хэл сургах анги байдаг.
- 1-р ангийн хүүхдэд гэрийн даалгавар өгдөггүй. Дэвтэр, сурах бичиг, хичээлийн хэрэглэл бэлдэх шаардлагагүй.
- Хүүхдийн цүнхэнд өөрөө уншихаар сонгосон ном болон өдрийн хоолны сав л байдаг.
- Ширээ, сандал дээр байнга сууж хичээллэдэггүй. Ангидаа газар сууж байх нь элбэг.
- Дүрэмт хувцас нь биед эвтэй, хөдөлгөөнд саадгүй футболка, цамц, өмд болон малгай байдаг. Сургууль бүр өөр өөр өнгийн хувцастай. Амьдралын боломжгүй бол сургуулиас дэмжлэг авах боломжтой. Заавал сургуулиас худалдаж авахгүйгээр, ижил өнгийн хувцас өмсөж болно. Сурагчид сургуулийнхаа цүнхээр ижилсдэг.
- Сургуулийн хашаанд (ер нь хаа сайгүй) ундны усны цорго байдаг.
- Сургуулийн цайны газарт эцэг эхчүүд ажилладаг (мэдээж шинжилгээ өгнө). Меню өдөр өдрөөр гаргасан байдаг.
- Өдөрлөг, арга хэмжээнд эцэг эхчүүд идэвхтэй оролцдог. Хэрэглэсэн дүрэмт хувцас, тоглоом, ном болон хөнгөн зууш зарсан орлогыг сургуульд хандивладаг. Картон цаасаар хийсэн хонгилоор мөлхөх зэрэг энгийн хэрнээ хөгжилтэй арга хэмжээ болдог.
- Сургуулийн концерт болоход сурагчдаас элдэв хувцас хэрэглэл, мөнгө шаардахгүй, энгийн зүйлээр ижилссэн байдаг. Бүгд оролцдог.
- Багш нар ээлжээр school police хийдэг. Сургуулийн орчинд хурд сааруулагч их бий.
- Сургууль дээрх төлбөртэй өдөр өнжүүлэхэд хүүхдээ явуулах боломжтой.
- Хүүхдийг гаргасан ахицаар нь урамшуулж, улирал бүр шилдэг сурагч анги бүрээс зарладаг. Стикер зэрэг жижиг хөөрхөн зүйлсээр урамшуулдаг.
- Номын сангаас дуртай номоо авч гэртээ унших боломжтой.
- Төрөл бүрийн аялал зохион байгуулдаг. Цөөн цаг гадаад хэл ордог.
- Хүүхдийг бүтээлч сэтгэхүйд сургадаг. Ээж нарын баяраар өөрийнх нь зурсан зургийг хэвлэсэн аяга өгч байсан.
- Сургуулийн хашаан дахь тоглоом нь хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх зорилготой санагдсан.
- Хичээлийн жилийн эцэст хүүхдийн биеийн болон оюуны хөгжлийн үнэлгээ, хүүхдийн хийсэн бүтээл, фото зураг бүхий хавтас зэргийг өгдөг.
